Хэд хоногийн өмнө Гадаад харилцааны яамны уулзвар дээр албан үүргээ гүйцэтгэж явсан замын цагдааг нэгэн автомашин түрж мөргөн холдуулаад, замын хөдөлгөөнд үргэлжлүүлэн оролцож байгаа бичлэг нийгмийн сүлжээгээр тарсан. Энэ автомашин нь Монгол Улс дахь Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин Сайдын Яамны дипломат дугаартай автомашин гэдэг нь ил болсон. Гэсэн ч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчин, албан үүргээ гүйцэтгэж яваа цагдаад хохирол учируулахуйц үйлдэл гаргасан эл автомашин эзэмшигч нь халдашгүй эрхтэй учир ямар нэгэн ял шийтгэл оногдуулах боломжгүй болоод байгаа юм. Учир нь дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгч, тус газрын эд хөрөнгийг халдашгүй байна хэмээн Венийн конвенцод заасан байдаг билээ. 1961 онд соёрхон баталсан Венийн конвенцод дэлхийн 192 орон нэгдсэн. Манай улс 1966 оны арваннэгдүгээр сард Венийн конвенцод нэгдсэн билээ.
Дипломат төлөөлөгчийн газрын тээврийн хэрэгслийг нэгжих, албадан дайчлах, шийдвэр гүйцэтгэлээс чөлөөлнө гэсэн уг конвенцод заасны дагуу Беларусийн ЭСЯ-наас манай улсын Гадаад харилцааны яаманд нот бичиг ирүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл, халдашгүй эрхтэй ажилтны автомашинд тавьсан Монгол Улсын замын цагдаагийн ажилтны шаардлага буруу гэдгийг нот бичгээр уламжилжээ.
Дашрамд дурдахад Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дмитрий Горелик Монгол Улсад томилогдож ирээд сар гаруй л болж байгаа бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ хараахан бариагүй байгаа юм. Харин өнгөрсөн аравдугаар сарын 5-нд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинтэй уулзан, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг өргөн барьсан билээ.
Тодруулахад, дипломат ёсонд томилогдсон Элчин сайд Төрийн тэргүүнд албан ёсоор Итгэмжлэх жуух бичгээ барихаас өмнө суух улсынхаа Гадаад харилцааны сайдад бараалхаж Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулдаг юм. Ингэснээр Элчин сайд үүрэгт ажилдаа орлоо гэж “дэ факто” үздэг. Гэхдээ суугаа улсынхаа Төрийн тэргүүнд Итгэмжлэх жуух бичгээ гардуулсан өдрөөс албан үүрэгтээ орлоо гэж албан ёсоор гэж тооцдог билээ. Элчин сайд Дмитрий Гореликийн хувьд тус улсаас Монгол Улсад суугаа хоёрдахь Элчин сайд. БНБУ 2014 онд анх манай улсад ЭСЯ-аа нээсэн юм.
Венийн конвенцоос...
22 ДУГААР ЗҮЙЛ
3.Төлөөлөгчийн газрын байр, тавилга, бусад эд хөрөнгө, түүнчлэн төлөөлөгчийн газрын тээврийн хэрэгслийг нэгжих, албадан дайчлах, битүүмжлэх, шийдвэр гүйцэтгэлээс чөлөөлнө.
29 ДҮГЭЭР ЗҮЙЛ
Дипломат төлөөлөгчийн бие халдашгүй байна. Түүнийг ямар ч хэлбэрээр баривчлах буюу албадан саатуулж үл болно. Хүлээн авагч улс дипломат төлөөлөгчийг зохих ёсоор хүндэтгэж, түүний бие, эрх чөлөө, нэр төрд аливаа ямарваа байдлаар халдахаас урьдчилан сэргийлэх бүхий л зохистой арга хэмжээ авна.
30 ДУГААР ЗҮЙЛ
- Дипломат төлөөлөгчийн хувийн өргөө төлөөлөгчийн газрын байрны нэгэн адил халдашгүй байна.
- Дипломат төлөөлөгчийн бүх бичиг баримт, захидал харилцаа, 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад өмч хөрөнгө нь нэгэн адил халдашгүй байна.
31 ДҮГЭЭР ЗҮЙЛ
- Дипломат төлөөлөгч хүлээн авагч улсын эрүүгийн хэргийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх эдэлнэ.
Венийн конвенцид Дипломат төлөөлөгчийн эрх ямбыг ингэж тодорхой зааж өгсөн байдаг бол 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр “Эрх ямба, дархан эрх эдлэгч бүх хүн хүлээн авагч улсын хууль, дүрмийг өөрсдийн эрх ямба, дархан эрхэд хохиролгүйгээр хүндэтгэх үүрэгтэй” гэдгийг мөн заажээ. Энгийн үгээр тайлбарлавал энэ нь тухайн эрх ямба эдлэгч нь суугаа орныхоо хууль дүрмыг хүндэтгэн биелүүлэх ёстой гэсэн үг юм.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (32)