Албан ёсоор амралтын өдөр болгон тэмдэглэдэг Эзэн Чингис хаан мэндэлсний 859 жилийн ой өнгөрсөн баасан гарагт тохиосон. Амралтын энэ өдөр АН-ынхны хувьд Онц их хурлаа хуралдуулсан. Хамгийн хоржоонтой нь АН-ынхан эвлэлдэн нэгдэхээр зарласан Онц их хурал болсон энэ арваннэгдүгээр сарын 5 нь АН-ынхан Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газрыг огцруулсан өдөр болж таарсан юм. Нэг ёсондоо олонхи болсон мөртлөө цөөнхтэйгөө нийлж Засгийн газраа огцруулж байсан АН-ынхан энэ өдрөөс хойш өөдлөөгүй.
Хоёр ч УИХ-ын сонгууль дараалан үнэмлэхүй олонхиор ялагдсан АН өөрсдийнхөө Засгийн газрыг огцруулж байсан энэ өдрөө эвлэлдэн нэгдэхээр Онц их хурал зарласан нь хувь заяаны шоглоом гэлтэй. Долоон жилийн өмнөх энэ өдөр АН-ын бүлгийн Р.Амаржаргал, Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт, Х.Баттулга, Б.Наранхүү, Д.Батцогт, Л.Эрдэнэчимэг нарын найман гишүүн сөрөг хүчний гишүүдтэйгээ нийлэн Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж байсан билээ. Энэ наймаас Х.Баттулга нь Н.Алтанхуягийн Засгийн газрын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байв. АН-ын энэ найман гишүүн дээр Засгийн газрыг огцроход хамгийн их шахалт үзүүлсэн, огцруулахад мөн л хамгийн их дэмжлэг үзүүлсэн хүн нь тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан юм. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулаад Шийдлийн Засгийн газар байгуулахад мөн л Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ихээхэн үүрэгтэй оролцож байсан. Тэр үед АН-ын дотоод асуудлууд Ерөнхийлөгчийн өргөөнд шийдэгддэг байсан нь нэг их нууц зүйл байгаагүй. Ийм л нөхцөлд байгуулагдсан Шийдлийн Засгийн газарт өмнөх засгаас Ерөнхий сайдаар дэвшсэн Ч.Сайханбилэгийг эс тооцвол хоёр сайд улиран ажилласан. Нэг нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Эрдэнэ, нөгөө нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр. С.Эрдэнийн хувьд АН-д шинээр байгуулагдаад удаагүй байсан “Шонхор” фракцынх, харин Л.Гантөмөр мөн л шинэ тутам “Нэг ардчилал” фракцынх гэгддэг байлаа. Энэ хоёр фракцын хувьд “Шонхор”-ыг УИХ-ын дарга З.Энхболд, “Нэг ардчилал”-ыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ивээдэг гэдэг байлаа. ҮАБЗ-ийн энэ хоёр гишүүний шахаасаар Ч.Сайханбилэгийн Засгийн газарт С.Эрдэнэ, Л.Гантөмөр хоёрыг улираан үлдээсэн гэдэг юм.
Энэ бүх өнгөрсөн түүхийг сөхөөд байгаагийн учир нь эдүгээ Л.Гантөмөр АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсонтой холбоотой. Улс төр “уншдаг” хүмүүс энэ томилгоог “Ц.Элбэгдорж АН-д эргэн ирлээ” хэмээн орчуулж байна. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрөөр болсон Онц их хурлын найруулагч нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байж, намын ерөнхий нарийн бичгийн даргыг өөрийн талд хуваарилж чадлаа.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (6)