УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Н.Учрал: Хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль дээр сэтгүүлчид 12 дугаар зүйлийн талаар нэлээд олон асуулт асуусан. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр ажлын хэсэг ажиллаад сэтгүүлзүйн зорилгоор мэдээллийн эзний зөвшөөрлөөр, эсвэл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж боловсруулж ашиглаж болно гэснийг сэтгүүлзүйн зорилгоор мэдээллийн эзний зөвшөөрлөөр, эсвэл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж боловсруулж ашиглаж болно гэж өөрчилсөн. Мэдээллийн эзний зөвшөөрлөөр гэдгийг хасахаар оруулж ирж байгаа.
Мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусад эх сурвалжаас боловсруулж мэдээллийн эзнийг таньж тодруулахыг хориглоно гэсэн заалтыг мөн хасах саналыг оруулж ирж байгаа. Тиймээс сэтгүүлчид мэдээлэл бэлтгээд гаргах бол заавал мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Хүний хөрөнгийн талаарх мэдээллийг хүний эмзэг мэдээлэлд хамруулж байсан бол улс төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг ил байгаа учраас эмзэг мэдээллээс хасч хувийн мэдээлэл рүү оруулах саналыг оруулж ирж байгаа. Нийтийн мэдээллийн хуулиар 5 төрлийн 67 мэдээллийг нийтэд ил болгож байгаа.