УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэгийг танилцуулж гишүүд үг хэлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, үг хэлэв. Тэрбээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгө ер нь сүүлийн 4, 5 жилийн байдлаар хэд байгаа вэ. Ковид гээд сангийн мөнгө багассан байх. Сангийн мөнгө ямар бүрэлдэхүүн хэсэгт задарч байгаа вэ гэдгийг асууя. Монгол Улсын хувьд мэргэжилтэй, чадвартай ажилтан чухал байна. Өмнө нь МСҮТ-ийг Боловсролын яаманд нэг бол Хөдөлмөрийн яаманд авах тухай асуудал яригддаг, маргаан гардаг байлаа. Надад боломж олдохоор нь МСҮТ-ийг Хөдөлмөрийн яаманд өгсөн юм.
Гэтэл буцаад Боловсролын яамны харьяалалд аваачихаар тохирч байгаа юм байна. Энэ буруу. Бид аль болгонд гаднаас мэргэжилтэн, ажиллах хүч авсаар байх билээ. Өөрсдийн залуусыг бэлдэх ёстой байх юм.
Газрын тосны үйлдвэр нь босдог юм бол ажиллах хүмүүсийг угтуулан бэлдэх хэрэгтэй. МСҮТ-ээ ашиглах ёстой.
Б.Жаргал