АН-ын Бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат хэлсэн үгэндээ “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Төмөр зам хоёр төрлийн хөнгөлттэй зээл авч, эргэн төлж байгаа. Зарим нь үр дүнтэй, зарим нь үр дүнгүй зээл гэдгийг тэмдэглэж хэлье. Энэ зээлийг эргэн төлөхдөө татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж байгаа нь зохистой биш гэж үзэж байна. Хувь нийлүүлсэн нийгэмлэг өөрөө ашигтай ажиллаж, энэ зээлээ төлөх ёстой юм.
Улаанбаатар төмөр зам дээр хариуцлагагүй байдал олон гарч байгаа. Энэ байгууллагын даргыг томилж чадахгүй 3, 4 хүн санал болголоо. Төмөр замыг онцгой анхаарах ёстой байтал санаанд хүртэл хөгжүүлж чадахгүй байна. Мөн Улсын төсөв маш хариуцлагагүй болсон. 2021 оны Төсвийн гүйцэтгэл дээр АН хатуу байр суурьтай байсан. Улсын төсвөө буцаан татаж ав. Улсдаа орлого олох, улсын эдийн засгийг тэлэх талаар ямар ч бодлогын зүйл алга. МАН олонхи болсноос хойш хариуцлагагүй олон зүйл хийлээ. Хөшөө дурсгалыг олноор нь барьж, үр дүнгүй зүйлд мөнгө зарцуулж байна.
Музей, улаан буланг ковидын үед ихэээр барьж байна. Хэвлэл мэдээллийнхэн энэ дээр анхааралтай ажиллах ёстой байсан. АН-ын бүлэг энэ төсвийг дэмжээгүй. “Богд Зонхова” хөшөөг хүмүүс их анхаарч байна. Өмнө нь таван тэрбум төгрөг тавигдаад явчихсан юм билээ. 2022 оны төсөвт 30 тэрбум төгрөг тавигдсан. Энэ дээр АН-ын бүлэг хөшөө барих хэрэггүй, улаан булангуудын төсвийг царцаа гэдэг шаардлагыг удаа дараа хэлсэн. Гэвч МАН үнэмлэхүй олонхоороо хүч түрэн баталсан" хэмээн онцолж хэллээ.
Б.Жаргал