Сүүлийн үед МАН-ын гишүүд МАХН-д МАХН-ын гишүүд МАН-д элсэх цөөнгүй тохиолдол гарсан. Өнөөдөр мөн МАН-ын 500 гишүүн МАХН-д гишүүнчлэлээ сэргээжээ. Гишүүнчлэл сэргээх ёслолд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба болон бусад удирдах албан тушаалтнууд оролцсон байна. Г.Шийлэгдамбад Баянзүрх дүүргийн Засаг дарга асан П.Цогтбаатар 500 хүний анкетийг гардуулан өгчээ. Тэрбээр “Манай дүүргийнхэн МАХН-д гишүүнчлэлээ сэргээх, намын гишүүнээр элсэх хүсэлтээ надад олон удаа тавьж байсан. Энэхүү хүсэлтийнх нь дагуу өнөөдөр 500 хүн гишүүнчлэлээ сэргээж, зарим нь шинээр гишүүн болж ирж байна” гэжээ.
Харин Г.Шийлэгдамба “Аравдугаар сарын 1-ний билэгт сайн энэ өдөр гишүүнчлэлээ сэргээж байгаа болон шинээр гишүүн болж ирж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье. Цаашид манай намд гишүүнчлэлээ сэргээхээр мэдэгдсэн хүн бүрийг тавтай морилохыг хүсье“ гэв.
Б.Золбоо



















































