
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргасан багийн бүрэлдэхүүнд төрийн одон, медаль гардууллаа.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн” одонгоор Ажиллагааны ерөнхий удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар,
“Шударга журам” медиалаар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх аврах салбарын усчин аврагч, ахлагч Ж.Болд-Эрдэнэ, мөн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Л.Бямбасүрэн, ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангийн хүнд механизмын жолооч, ахлагч Б.Золбоо, НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн автомашины жолооч, ахлах ахлагч Б.Батбаатар нарыг тус тус шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Хөвсгөл нуурт 16 метрийн гүнд байсан 309 тонн жинтэй хөлөг онгоцыг тогтоосон хугацаанд осол авааргүй татаж гаргасан нийт хамт олонд талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор 2019, 2020 онд тогтоол гарган, шаардагдах санхүүжилтийг нь шийдвэрлэсэн. Хөлөг онгоц 43.3 метр урт, 8.4 метр өргөн, 5.7 метр өндөртэй. Онгоцон доторх усны жин 1176.51 тн, 195.5 тн шавар хуримтлагдсан байсан. Онгоцноос 400 литр техникийн тос алдагдах аюултай байсныг аюулгүй болгосон алба хаагчдыг төр үнэллээ” гэлээ.