Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Монгол-Беларусийн хамтарсан комиссын гуравдугаар хуралдаан цахимаар зохион байгуулагдлаа. Хуралдаанд БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр, Бүгд найрамдах Беларусь улсын Шинжлэх ухаан, технологийн улсын хорооны орлогч дарга Щербаков Сергей Сергеевич тэргүүтэй холбогдох албаныхан оролцжээ.
Монголын тал ургамал газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, хөдөө аж ахуй, ойн салбарын техник, тоног төхөөрөмж зэргийг шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлд тодорхойлох хүсэлтийг тавилаа. Хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хамтарсан төслийн тоог нэмэгдүүлж, судалгаа хөгжүүлэлтийн ажлын чанарыг нэмэгдүүлэх, их, дээд сургуулийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Беларусийн тал шинжлэх ухаан, инновацийн салбар дахь бүхий л хамтын ажиллагааг дэмжиж, цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн гэдгээ хэлжээ.
Беларусь улс нь ойн суулгац экспортолдог улсын тоонд ордог. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих төслийг хэрэгжүүлэхэд Монгол-Беларусийн хамтын ажиллагааны түвшинд манлайлан оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа Дэд сайд Г.Ганбаяр хэлсэн юм. Беларусь улсын тал мод тарих санаачилгыг дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд БШУ-ы дэд сайд хамтарсан комиссын дараагийн уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлж, Беларусь улсын төлөөллийг Монгол Улсад урилаа.