Дорноговь аймаг үүсэн байгуулагдсаны 90 жил, Сайншанд сумын байгуулагдсан 60 жилийн ойн хүрээнд үндэсний бөхийн цол, чимэг олгох барилдаан болов. Энэ барилдаанд хурц арслан нэг, аймгийн арслан долоо, аймгийн заан хоёр, аймгийн харцага дөрөв, аймгийн начин цолтой есөн бөх зодоглолоо. Барилдаанд Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, "Хутагтын хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан Баатарсүрэнгийн Баатархүү түрүүлж, хурц чимэг нэмлээ. Аймгийн арслан М.Бямбадорж үзүүрлэсэн бөгөөд их шөвөгт аймгийн арслан Т.Пүрэвсүрэн, Б.Батзориг нар шалгарсан байна. Түрүү бөх Б.Баатархүү нь 30 настай, 2011 онд аймгийн начин, 2014 онд начин цолоо баталж, 2018 аймгийн арслан цол хүртэж байв. Тэр аймгийнхаа цол, чимэг олгох барилдаанд хоёр болон түүнээс дээш давсан 10 дахь бөх болж байгаа бол Мандах сумын зургаа дахь түрүүг хүртлээ.