Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болсон бөгөөд эндээс гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх сард ОХУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлыг хангах, өнгөрсөн хугацаанд хоёр улсын Засгийн газрын комиссын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилт, дүгнэх асуудал, хамтын ажиллагааны зорилтыг тодорхойлох юм. Эрчим хүчний салбарт хамтарч ажиллах хүрээнд Гуравдугаар цахилгаан станцыг өргөтгөх асуудал яригдсан. Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийг ОХУ-тай хамтран хийхээр ажиллаж байгаа. Мөн Төмөрзамын салбарыг хөгжүүлэх, шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах, ачаа тээврийг нэмэгдүүлэх талаар хоёр тал ярилцаж, тохирсон. Үүнд тарифын асуудал. Энэ хүрээнд 2025 он хүртэл үе шаттайгаар тарифын шинэчлэлийг хийнэ. Ингэснээр төмөрзам шинэчлэгдэх, хүчин чадлаа нэмэх, аюулгүй байдлаа хангах боломж бүрдэнэ. Түүчлэн Замын-Үүдийн хилийн боомтын үйл ажиллагааг хэзээнээс хэвийн горимд шилжүүлэх боломжтой талаар мэдээлэл өглөө. Ингэхдээ "БНХАУ-ын талтай тохиролцсоноор авто тээврийн татан авалтуудаа эхлүүлэхээр болсон. Гурав хоногийн дараагаас эхлээд авто замаар бараа бүтээгдэхүүн тээвэрлэх ажил хэвийн болно. Хоёр улсын хийлийн 0 цэг дээр ачаа бараагаа чингэлэг тээврээр солилцоно. Хүний оролцоо багатайгаар, чингэлэг тээврээр бараа бүтээгдэхүүнээ авч эхэлснээр эргэлт нь нэмэгдэнэ" хэмээн хэллээ.
Б.Жаргал