Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой ирэх оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож байна. “Төрийн ёслолын журам батлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 119 дүгээр зарлигт тэгш ой тохиосон жил Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тусгай хөтөлбөрөөр тэмдэглэхээр заасныг дурдлаа.
Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат тогтоолын төсөлд Н.Энхболд гишүүний саналыг тусгаж редакцын засвар хийхээр болсныг мэдэгдээд, “Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.