Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 гишүүн хүрэлцэн ирснээр эхэлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд Д.Зүмбэрэллхамыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил даргалсан юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох бол шүүгч бус бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилох хуулийн зохицуулалттай. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний 60 хувь нь нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилуулахыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.