УИХ-ын Ээлжит чуулганаар Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн үг хэлэв. Тэрбээр "Чөлөөт бүсүүдэд эрх зүйн асуудал нь бүрэн шийдэгдээгүй байхад бараа болон зорчигч тээврийн үйл ажиллагаа явагдаад байна уу гэсэн ойлголт төрж байна. Энэ хууль зөрчиж байгаа асуудал. Ингэж болохгүй. Тиймээс Замын-Үүдийн хамтын ажиллагааны Чөлөөт бүсэд шалган нэвтрүүлэх иж бүрэн цогцолбор баригдахаас нааш хэзээ ч нээгдэхгүй гэж хатуу хэлье. Мэргэжлийн хүний хувь хэлж байна. Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсийн газар нутаг бол Монгол Улсын хилийн тухай хуулиараа хилийн зурвас газартай давхцаж байгаа юм. Зөвхөн улсын хил хамгаалах, зориулалттайгаар ашиглал газар, өмчлүүлэхийг хориглодог, зөвхөн төрийн мэдэлд байдаг. Харин энэ нэмэлт өөрчлөлтөөр өмнөх хуулин дээр "Чөлөөт бүсэд газар эзэмшүүлнэ" гэсэн заалтыг Хилийн тухай хуультайгаа уялдуулаад газар эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудлыг хориглохоор оруулж ирж байгаад би туйлын баяртай байна. Чөлөөт бүсээр зөвхөн орох газраараа орж, гарах газраараа гардаг байж Чөлөөт бүс үүд хаалгаа нээнэ шүү. Хэрэв үүнээс өмнө Чөлөөт бүсэд ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулбал хатуу тэмцэнэ. Шулуухан хэлэхэд" хэмээн хэлэв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)