УИХ-ын Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор асуулт асууж, үг хэлсэн бөгөөд түүний асуултад хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хариулахдаа "Далай ашиглахтай холбоотой хэд хэдэн чухал конвенцид орсон. Олон улсын гэрээ конвенцээр бол далайн тээвэр хийх, загас агнуур хийх, ашигт малтмал ашиглах, олборлох, шинжлэх ухааны судалгаа бүтээл хийх ажлуудыг энэ конвенцээр нээгдсэн байгаа. Монгол улс БНХАУ-ын долоо, ОХУ-ын зургаан боомтыг ашиглах гэрээтэй. Дээр нь дөрвөн зуучлах агенттай гэрээний үндсэн дээр хамтран үйл ажиллагаа явуулдаг. Нэмж зургаан агенттай гэрээ байгуулахаар харилцан хэлэлцэж байна. Монгол Улс далайн боловсон хүчин цөөтэй. Сургаж дадлагажуулж байгаа ч цөөн байна. Энэ хуулиар боловсон хүчин нэмэгдэх боломж бүрдэж байгаа. Далайн асуудал эрхэлсэн Зам тээврийн яамны хэлтэс дээр ажиллаж байгаа хүмүүсийн орон тооны асуудал хөндөгдөж, ажилгүй болох зүйл гарахгүй. Хууль хэлэлцэх болоод ирэхээр хүмүүс рүү мессеж бичиж, буруу мэдээлэл өгдөг хандлага тогтлоо шүү. Далайн захиргаа гэдэг байгууллагыг татан буулгаад эрх ашгийг нь өөрчлөх гэж байгаа гэсэн буруу ойлголт явчихсан шиг байгаа юм" хэмээн хэлэв.
Б.Жаргал