МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлд цаашид эрх баригч нам хэрхэн өөрчлөгдөж, шинэчлэгдэх талаар дурдлаа. Юуны өмнө намын үзэл баримтлал, хөтөлбөрөө шинэчлэн найруулж, дүрэмдээ өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, тус намынхан хэн бүхнээс илүү сахилга бат, хариуцлагын асуудлыг эрхэмлэж, бодлогын шинэ түвшинд гаргахаар ажиллаж байна. Үүний тулд аливаа гэмт хэрэг, ялангуяа авлига болон албан тушаалын хэрэгт холбогдсон намын гишүүддээ улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тодотголоо. Түүнчлэн намын хүний нөөцийн бодлогыг боловсронгуй болгож, анхан болон дунд шатны байгууллагын чадамжийг нэмэгдүүлэхээр болжээ.
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Намын дүрэмд цахим шилжилтийг эрчимжүүлэх, намын анхан шатны байгууллагын чадамжийг нэмэгдүүлэх, намын хүний нөөцийн бодлогыг чадахуйн зарчмаар боловсронгуй болгох, сонгогдож томилогдсон албан тушаалтны сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг чангатгах зэрэг нэмэлт өөрчлөлтүүдийг оруулна. Аливаа гэмт хэрэгт холбогдсон, тэр дундаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй байх заалтыг дүрэмд оруулахаар тусгана" хэмээн илтгэлдээ дурдлаа.