МАН-ын 30 дахь удаагийн Их хуралдаанд намын удирдлагууд тус тусын илтгэл тавьж, санал бодлоо уралдуулсан. Тэгвэл энэ удаад МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар намын гишүүдийн ёс зүйг дээшлүүлэх, өргөдөл гомдол шийдвэрлэх талаар оновчтой санал дэвшүүлсэн юм. Юутай ч өнгөрөгч хугацаанд Хяналтын ерөнхий хороо болон аймаг, нийслэл дэх намын хяналтын бүх шатны байгууллага тайлангийн хугацаанд намын гишүүдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж, тайлбар өгч ажиллаж байгаагаа дурдсан.
Б.Баярбаатар дарга тайлан илтгэлдээ “Орон нутагт намын гишүүдийн дунд хувийн эрх ашгаараа болон УИХ-ын гишүүдээ дагаж бүлэг болон талцан хуваагдах, намын журмын нөхдийнхөө нэр хүндийг унагахын тулд эсрэг намтай үгсэн хуйвалдах явдал ч гардаг. Үүнийг даруй цэгцэлж, буруутныг шийтгэж, зөвийг нь өмгөөлж хамгаалаач гэж Хяналтын хорооноос харж хүлээж байна” хэмээсэн. Харин ингэхийн тулд Хяналтын ерөнхий хорооны эрх мэдлийг нэмэгдүүлж, тодорхой болгож өгвөл бодит үр дүнгээ өгнө гэдгийг ч сануулж хэлж байв.
Тэрбээр цааш хэлэхдээ “Намын эв нэгдэл, хамтын зарчмыг алдагдуулсан энэ мэт ёс зүйгүй байдалд шат шатандаа дүгнэлт хийж, үүнийг засах арга механизмыг даруй авч хэрэгжүүлэх шаардлага Хяналтын хороо болон намын бүх байгууллага, гишүүдийн өмнө тулгараад байна. Үүнийг бид хамтын хүч, хамтын үлгэр дууриал, хамтын хяналтаар цэгцэлж чадна гэдэгт итгэлтэй байна. Гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, намын эв нэгдлийг хамгаалан бэхжүүлэхийн тулд МАН-аас улс төрийн албан тушаалд сонгогдож томилогдон ажиллаж буй гишүүнтэй ёс зүйн гэрээг байгуулан, дүгнэх талаар Хүний нөөцийг бүрдүүлэх, сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журам байдаг хэдий ч энэ ажил хэрэгжихгүй, ёс зүйн гэрээ тэр бүр хийгдэхгүй, эсвэл ёс төдий байгуулаад дүгнэхгүй орхиж байна” гэлээ.