Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Нарантунгалаг энэ сарын 13-нд Италийн Ерөнхийлөгч Сержо Маттареллад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Италийн Ерөнхийлөгч Сержо Маттарелла Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын дараа Элчин сайд Ц.Нарантунгалагийг хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ. Уулзалтын эхэнд Элчин сайд Ц.Нарантунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Итали Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтын нэг болохыг онцлов. Элчин сайд Ц.Нарантунгалаг хоёр орны улс төрийн харилцан ойлголцол бэхжиж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжиж байгааг хэлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл урлаг, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны нөөц боломжийг бүрэн ашиглаж, харилцааг эрчимжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.