УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Даваасүрэн асуулт асууж, хууль санаачлагч Н.Учрал хариулав.
Ц.Даваасүрэн: “Ухаалаг системи бий болж байгаа энэ үед зөвхөн мэдээ, мэдээлэл биш бусад нөхцөлд халдлага ирвэл яах вэ. Тиймээс бүрэн хүрээнд хараагүй хууль гэж харж байна. Бүрэн автомажсан станцад бол аюултай орчин. Усан цахилгаан станцтай танилцаж явахад ердөө хоёрхон хүн байсан. Бүгд автомажсан, ухаалаг болчихсон байна. Станц дээр шүү. Дэд станц нь бараг хүнгүй. Ийм систем рүү халдлага ирвэл яах вэ хэмээн хууль санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учралаас асуув.
Н.Учрал: Монгол Улс анх удаа кибер аюулгүй байдлын тухай хуультай болж байна. Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болсон мэдээллийг аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ гэдэг тогтолцооны асуудлыг шийдээгүй байсан. Бид мэдээллийн системээ хамгаалахын тулд үндэсний хэмжээний стратеги боловсруулах, цаашлаад кибер аюулгүй байдлын тухай хуулинд заасны дагуу төрийн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд, төрийн гол байгууллагаа хамгаалах эрх зүйн орчныг энэ хуулиар бүрдүүлж өгч байгаа.
Б.Жаргал