Ардчилсан намын Бүлгийн ээлжит хурал болж, бүлгээс гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Ардчилсан намын гишүүн С.Эрдэнэ тайлбар хийлээ. Тэрбээр “2021 онд хүний эрхийн асуудал ноцтой зөрчигдлөө. Хүний эрхийн заяагдмал эрх, хүний эрхийн суурь зарчим болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх чиглэлд эрх баригчид хангалтгүй ажиллаж ирлээ. Ардчилсан Монгол Улсын хувьд байж болохгүй олон хүний эрхтэй холбоотой алдаа, завхрал гарсныг онцолж хэлье. Эрх баригчид хүний эрхийн талаар гоё сайхан зүйл ярьж байгаа хэдий ч бодит амьдрал дээр хүний эрхийн нөхцөл байдлыг хангасан бодит алхамыг хийхгүй байна. Иргэдийн эрх чөлөөг хамгаалах тал дээр явуулж байгаа төрийн бодлого байхгүйтэй адил. Тиймээс Ардчилсан нам энэ асуудал дээр иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын Бүлгийн гишүүддээ шилжүүлэн өгч байна. Ер нь ковид, цар тахлын хуулийг энэ хугацаанд сунгах асуудал бол шаардлагатай асуудал биш. Хамгийн гол зүйл бол нийгэм эдийн засагт үүсээд байгаа нийгмийн чухал асуудлууд дээр иргэдэд хөнгөлттэй нөхцөл байдал бий болгох асуудал дээр эрх баригчдыг дэмжих болно. Цаашид улс орныг ийм байдлаар авч явна гэдэг бол нийгэмд улам ачаа болсон, сөрөг үр дагаварыг улам нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт, Ардчилсан намаас нээлттэй микрафон ажлуулаад ес хонож байна. Иргэний эрх чөлөөг хангах тал дээр Ардчилсан нам идэвхитэй ажиллана. 2022 он үндсэндээ хүний эрхийг дээдэлсэн, хамгаалсан жил байх болно. Үүн дээр Ардчилсан нам сөрөг хүчний үүрэг хариуцлагыг хүлээж ажиллах болно.
Б.Жаргал