УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Чуулганаар Шинэ сэргэлтийн бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам үг хэлж, асуулт асуулаа. Тэрбээр “Би Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж байна. Энэ бол Монгол Улсын эдийн засгийг урт хугацаанд сэргээж, хөгжүүлэх стератеги төлөвлөгөө гэж харж байна. Санаа зовж байгаа зүйл гэвэл үүний санхүүжилтийн асуудал хэрхэн шийдэгдэх вэ. Үүнтэй 2022, 2023 оны төсвийг уялдуулахаас гадна гадаадын зээл тусламж шаардлагатай гэж бодож байна. Энэ төлөвлөгөөтэй орон нутгийн бодлогыг уялдуулмаар байна. Зарим аймагт эрчим хүчний асуудал туйлын хүнд байдалтай байгаа. Нэг жишээ хэлэхэд, Сэлэнгэ аймгийн дулааны станцын асуудал. Засч янзлаад урт хугацаандаа сайжрах боломжгүй болчихсон. Тэнд иргэд, аж ахуй нэгж, цэцэрлэг, сургуулиуд хөлдчих гээд байна. Би үүнийг хоёр жил ярьж байна. Энэ бодлогоо орон нутгийн хэмжээнд явуулаасай гэж хүсэж байна” хэмээв.
Б.Жаргал