УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан болж байна. Чуулганы хуралдаанаар Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийн тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Улмаар УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонхын саналаар эцэслэн батлав. Тогтоолын төслийн 1.4 дэх хэсэгт, “Оюу толгой” ХХК-д хувьцаа эзэмшигч болон гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй байх” гэж нэмэхийг дэмжих саналын томъёоллоор санал хураахад дэмжигдлээ. Мөн найруулгын шинжтэй өөр нэгэн саналын томъёоллоор санал хураахад 75.5 хувийн саналаар дэмжигдсэн юм. Дараа нь “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад, 74.1 хувийн дэмжсэн саналаар тус тогтоол батлагдлаа.
Б.Жаргал