Хөдөлмөрийн шинэчилсэн хуулийн тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэл хийлээ. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн оны долоодугаар сарын 2-ны өдөр батлагдаж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлж байна. Энэ хуулийн хамгийн гол зорилт нь хамрах хүрээ өргөжсөн онцлогтой. Өөрөөр хэлбэл албан болон албан бус салбарт ажил хийж байгаа хөдөлмөр эрхлэлт үүссэн хүн бүрт хөдөлмөрийн хууль хамаарч үйлчилнэ гэсэн зарчмыг баримталж байна. 1999 оны хуулинд хөдөлмөрийн гэрээ байгуулсанаас хойших харилцааг зохицуулж байлаа. Харин шинэчилсэн хууль нь үүнээс эрс ялгаатай. Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх асуудлыг хурдан шуурхай, бага зардлаар шийдвэрлэх боломжийг хангах үүднээс шүүхийн өмнөх шатанд ААН байгууллага дотроо шийдвэрлэдэг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэдэг гурван талт хороогоор шийдвэрлэдэг асуудлууд оржээ. Хөдөлмөрийн тухай шинэчилсэн найруулга дээр хүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой суурь эрхүүдийг хангасан. Жишээлбэл, ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт хүчирхийлэл, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалтыг оруулсан байна. Үүнтэй зэрэгцэн Хөдөлмөрийн харилцаанд барьцаа хэрэглэхгүй гэсэн шинэ зохицуулалт оруулжээ. Тухайлбал, ажилд анх ороход болон ажиллах явцад аливаа бичиг баримт, эд зүйл барьцаалах, мөнгө төгрөг шаардахыг хоригложээ.
Д.Батчулуун