Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам халдварын тархалтын төвшнөөс хамаарч хэрхэн шаардлага тавих, ямар арга хэмжээ авах тухай мөрдөгдөж байсан. Энэ нь вакцинжуулалт эхлээгүй, вирус төдийлөн танигдаагүй үед боловсруулсан. Харин одоогийн байдлаар нийт хүн амын дархлаажуулалт хоёрдугаар тунд 66.5, гуравдугаар тунд хамрагдалт 28.5 хувьд хүрсэн. Хугацаа өнгөрөхийн хэрээр тус журмыг шинэчилж өөрчлөлт оруулах, одоогийн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээ авах зохицуулалтыг хийх шаардлагатай болсон. Тиймээс өнөөдөр тус журамд өөрчлөлт оруулах төслийг Засгийн газар эцэслэн баталлаа. Журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс нийтэд дэлгэрэнгүй танилцуулна. Өмнөх журамд улбар шар төвшинд зайлшгүй ажиллах шаардлагатай байгууллагаас бусад байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаж байсан хязгаарлалт хэвээр мөрдөгдөнө. Харин өмнөх журамд улбар шар төвшинд 18 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлаж байсан бол шинэ журмаар 15 чиглэлийг хариуцлагын гэрээ байгуулж, 50 хувийн дүүргэлттэй ажиллах зарчмаар зохицуулахаар шийдвэрлэсэн. Мөн шар төвшинд ямар нэг үйл ажиллагааг хязгаарлахгүй, зөвхөн халдвараас урьдчилсан сэргийлэх зохицуулалт хийнэ. Засгийн газраас төрийн байгууллагын хүрээнд цагаан сарын тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан. Харин иргэд гэр бүлийн хүрээнд буюу аль болох өргөн тэмдэглэхгүй байх уриалгыг гаргасан. Ямар нэг хязгаарлалт хийгээгүй” гэлээ.
Т.Мөнхжаргал