Монголын улс төр энэ долоо хоног томилгоо дүүрэн байлаа. Өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанаар хоёр ч дэд сайд, агентлагийн дарга нарын томилгоог хийнэ. Энэ долоо хоногийн энэ олон томилгооны дунд Элчин сайд нарын томилгоо анхаарал татаж байна. Намрын чуулган завсарласан өдөр буюу өчигдөр УИХ-аар гурван Элчин сайдын томилгоог хэлэлцсэн.
Эдгээр нь БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Э.Сарантогосыг, Швейцарийн холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Д.Гэрэлмааг, Кувейт улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад П.Сэргэлэн нарыг томилохыг УИХ дэмжсэн билээ. Э.Сарантогос, Д.Гэрэлмаа нарын хувьд мэргэшсэн дипломатууд. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн тэднийг УИХ ч сайнаар хүлээж авсан.
Ер нь Элчин сайд нарын томилгоо үргэлж хэл ам дагуулж байдаг ч сүүлийн томилгоонуудад салбарынхан, мэргэжлийнхэн нь ам сайнтай байгаа. Сүүлийн томилгоонууд гэдэг нь Гадаад хэргийн сайдаар Б.Батцэцэг ажиллаж эхэлснээр хойшхи гэдгийг тодотгоё. Б.Батцэцэг сайд Гадаад харилцааны сайд болсноос хойш 32 Элчин сайдыг Ерөнхийлөгч өргөн барьсан байна. Өмнө нь Гадаад харилцааны яамныхан Элчин сайдаа томилуулж чадахгүй, Ерөнхийлөгчтэй зөвшилцөж барахгүй, томилогдсон Элчин сайд нар нь явж чаддаггүй тийм л байлаа шүү дээ. Элчин сайд нарын томилгоонд бас нэгэн онцлох зүйл бий. Энэ 32 Элчин сайдын зургаа нь эмэгтэй Элчин сайд нар. Энэ нь Элчин сайд нарын томилгооны түүхэнд байгаагүй олон эмэгтэй Элчин сайдаар томилогдлоо гэсэн үг. Харахад бага хэдий ч өмнөх жишгүүдтэй харьцуулахад эмэгтэй Элчин сайд нар ингэж томилогдож байгаагүй юм. Элчин сайдын томилгоон дээр жендерийн харьцаа ингэтлээ алдагдсан байсан гэсэн үг.
Харин үүнийг Гадаад харилцааны эмэгтэй сайдын үед засах, залруулах эхлэл ингэж тавигдаж байна. Энд зориуд бас нэгэн зүйлийг онцолъё. Тамхи тарианы асуудалд холбогдсон Элчин сайд, Элчин сайдын яамныхандаа хариуцлага хүлээлгэдэггүй, бүр “persona non grata” болчихсон хүнийг Элчин сайдаар томилоод явуулдаг байлаа, өмнө нь. Одоо харин Элчин сайд нарт хариуцлага тооцдог болсон. Хариуцлага алдсан, суугаа оронд нь амьдарч, ажиллаж байгаа иргэдлийнхээ эрх ашгийг хамгаалж чадаагүй Элчин сайд нарын эгүүлэн татдаг сайн жишгийг мөн тогтоож эхэллээ. Тодруулбал, БНСУ-д 13 настай монгол охин хүчирхийлэлд өртчихөөд байхад олон сар арга хэмжээ аваагүй Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг эгүүлэн татсан билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (4)