ХӨСҮТ-ээс коронавиусийн цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “Тусгаарлан ажиглах байрнаас давтан шинжилгээгээр зөөвөрлөгдсөн тохиолдлыг илрүүлэх шинжилгээ авдаг байсан нь өөрчлөгдөөд дотоодын халдвар ихэссэнтэй холбоотойгоор эрсдэл бүхий хүн амд чиглэсэн хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өдөрт илрэх эерэг тохиолдын тандалтын хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд 80-аас илүү хувь нь ажлын газар, гэр бүлээс авч байгаа тохиолдол байна. Мөн дэлгүүр, томоохон худалдааны төв, эрүүл мэндийн төвөөс халдвар авах тохиолдол их байна. Тэгэхээр нийт иргэд маань үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ амны хаалтаа сайн зүүхийг зөвлөж байна. Тухайлбал, N95, мэс засалын зориулалтаар хэрэглэгддэг чанарын шаардлага хангасан амны хаалт зүүх шаардлагатай. Бид мөрдөж байгаа халдвар хамгааллын дэглэмээ цаашид чанд сахих шаардлага гарч байна. Оны өмнөх шинжилгээгээр нийт тохиолдлуудын 1-3 хувь нь омикрон хувилбар байсан. Харин он гараад эхний долоо хоногт 40-50 хувь, хоёр дахь долоо хоногт 60-70 болж нэмэгдсэн. Мөн нэгдүгээр сарын 17-ны шинжилгээгээр омикроны тархалт 90 хувьд хүрсэн байна. Энэ хувь тоог PCR тандалт болон бүрэн гономын дараалал тогтоох шинжилгээнүүдээр баталгаажуулдаг” гэлээ.