Галт уул дэлбэрсний улмаас Тонга улсад үүссэн Цунамигаас болж тус улсын цэвэр усны нөөц дуусаж хүндхэн нөхцөл байдалд ороод байгаа. Тэгвэл галт уулнаас гарсан үнс Тонга улсын нисэх буудлыг бүрхсэн байснаас болж тусламжийн бараа тээвэрлэсэн онгоцнууд газардах боломжгүй байсан билээ. Харин нисэх буудлын газардах хэсгийг олон зуун сайн дурын ажилтны ачаар бүрэн цэвэрлэж дууссанаар Шинэ Зеланд улсын илгээсэн цэвэр ус болон бусад онцгой нөхцөл байдалд ашиглах барааг тээвэрлэсэн зэвсэгт хүчний онгоц Тонга улсад амжилттай газардсаныг мэдээлжээ.
Мөн Шинэ Зеланд болон Австрали улсаас илгээсэн 250,000 гаруй литр цэвэр ус тээвэрлэсэн усан онгоцнууд замдаа явж байгаа бөгөөд ойролцоогоор нэг өдрийн дараа Тонга улсын эрэгт хүрэх тооцоотой байна. Харин Австрали улсын хувьд зам цэвэрлэгч хэрэгслийг тээвэрлэсэн Boeing C-17 онгоцыг нисгэж байгаа юм байна.
Тонга улсын хувьд тус тусламжийн бараануудыг коронавирусын халдвараас сэргийлэхийн тулд хүний хөлөөс зайдуу газар буулган орхих тухай Австрали болон Шинэ Зеланд улсуудад хүсэлт гаргасны үндсэнд тэд зайнаас бараануудыг хүлээлгэн өгөхөөр болсон. Одоогийн байдлаар Шинэ Зеланд улсын онгоц Тонга улсад байгаа бөгөөд ойролцоогоор 90 минутын дотор буцаад хөөрөх төлөвлөгөөтэй байна.
П.Тамир