Д.Ганбатыг АН-ын дүрмийг өөрчлөх эрх хэмжээгүй гэж үзжээ. Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр болж, хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Ардчилсан намын тэргүүн дэд дарга Д.Ганбатаас 2021 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын дээд шүүхэд “Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлтийг ирүүлсэн байна. Ардчилсан намын Үндсэн дүрмийн 9.1.1-д намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг намын Их хурал шийдвэрлэхээр заасан байх тул Үндэсний бодлогын хороонд намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт оруулах эрх хэмжээгүй гэж үзэн ирүүлсэн хүсэлтийн дагуу Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ.
Мөн Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэх иргэн Ш.Сайхансамбуугийн хүсэлтийг хэлэлцэв. Улс төрийн намын тухай хуульд заасан дараах шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ. Тодруулбал, Ардын чуулган намаас 807 гишүүнтэй гэх мэдээлэл бүхий жагсаалтыг ирүүлсэн бөгөөд уг жагсаалтад дурдсан мэдээлэл нь Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д заасан шаардлага (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)-ыг хангаж байгаа эсэхийг шалгахад 315 гишүүний мэдээлэл нь улсын бүртгэлийн мэдээллээс зөрүүтэй байсан гэж Улсын дээд шүүх мэдээллээ.