
Цахим үнэмлэх тараагдах ажил ид өрнөж байна

Цахим үнэмлэх тараагдах ажил ид өрнөж байна. Үүнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газраас үнэмлэхийн түгээлт, олголттой холбогдуулан аймаг, сум, дүүрэг, хороодоос долоо хоног тутам цахим үнэмлэхийн түгээлтийн талаарх дүн мэдээг нэгтгэж эхэлжээ. Тухайлбал, өнгөрсөн сарын 29-ний байдлаар 1131226 иргэний цахим үнэмлэхийг олгосон нь улсын хэмжээнд 69.5 хувьтай явж байна гэсэн тоо гарчээ. Хэвлэлтийн тухайд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн иргэдийн иргэний цахим үнэмлэх хэвлэх ажлыг дуусгажээ. Өнөөдрийн байдлаар нийт 1628372 иргэний иргэний цахим үнэмлэхийг хэвлэсэн нь улсын хэмжээнд 91.5 хувьтай байна. Дүн мэдээнээс үзэхэд, Ховд 93.7, Өмнөговь 89.4, Дорноговь 88.7, Дорнод 88.7, Увс 87.7, Завхан 85.7, Сүхбаатар 88.4, Говьсүмбэр 83.8, Хэнтий 82.0 зэрэг аймгуудад иргэний цахим үнэмлэхийн түгээлт 80-аас дээш хувьтай байгаа аж. Харин нийслэлийн дүүргүүдээс Баянгол 80.5, Сонгинохайрхан 79.9, Сүхбаатар дүүрэг 72.0 хувьтай байгаа юм.
Д.Ундрах 24tsag.mn