Засгийн газар өнөөдөр хуралдаж Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсан гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая мэдээллээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цар тахлын улбар шар төвшнийг шар төвшинд шилжүүлж байгаа юм.
Өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалж шар төвшинд шилжих болсон шалтгаан нь вакцинжуулалт зорилтот бүлгийн 92 хувьд хүрсэнтэй холбоотой. Мөн гуравдугаар тунд зорилтот бүлгийн 52 хувь, дөрөвдүгээр тунд 90 орчим мянган иргэн хамрагдаад байгаа нь улбар шараас шар төвшинд шилжих гол үндэслэл болж байгаа юм. Ингэснээр Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс боллоо. Вакцины бүрэн тунд хамрагдсан гадаадын хөрөнгө оруулагч, жуулчдад Монгол улс нээлттэй гэсэн үг. Вакцины бүрэн тунд хараахан хамрагдаж амжаагүй хөрөнгө оруулагч, жуулчид Монгол Улсад ирээд вакцинд хамрагдаж болно гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
С.Сүлд