Хөгжлийн банкны асуудлаар хөгжлийн банкны удирдлагууд мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлэл өглөө. Тэрбээр “Хөгжлийн банкны зүгээс нэгдүгээр сарын 20-ны өдөр шүүхэд өгсөн зээлдэгч нарын тухай мэдээлэл өгсөн.
Мөн зээлдэгч нарын тухай өөрийн веб хуудсан дээр байршуулсан. Үүнээс хойш удаашраад байсан муу зээлүүдэд тодорхой хэмжээний ахиц дэвшил гарч байна. Сар гаруйн хугацаанд маш олон байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Өчигдрийн байдлаар нийтдээ 50 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн. Үүнд сэтгэл ханаж болохгүй. Учир нь муу зээлийн актив 1,8 орчим их наяд төгрөг байгаа. Өнгөрсөн нэг сарын хугацаанд бид гүйцэтгэх захирлын тушаалаар муу зээлүүд дээр барьцаа хөрөнгийн хяналт шалгалт хийж байна. Энэ нь одоогоор 75 хувьтай явж байна.
Мөн УИХ-аас манай банк дээр ажлын хэсэг гаран ажиллаж байна. Эрүүгийн цагдаагийн газартай байнгын уулзалт хийн хамтран ажиллаж байгаа юм. Улсын ерөнхий прокурорын газар, Авилгатай тэмцэх газар бидний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, үр дүн гаргаж байгаа гэдгийг цохон тэмдэглэе. Энэ долоо хоногийн эхэнд Ерөнхий сайд биднийг болон хувьцаа эзэмшигч нарыг дуудаж уулзан чиглэл өгсөн” гэлээ.
Д.Батчулуун