Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Хөшигийн хөндийн бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдөр засгийн газраас хөшигийн хөндийтэй холбоотой шийдвэр гарсан. Хөшигийн хөндийд Монгол улс шинэ хот барих тухай асуудлыг үе шаттай судлан төлөвлөж байгаа.
Манай улс 1940-1990 онд Зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар МАХН-ын удирдлага дор бүх нөөцийг төлөвлөж, 40 гаруй хот тосгодыг барьсан байдаг. Хамгийн сүүлд 1980 онд Багануур хотыг барьсан. Сүүлийн 30 жил цогц хэмжээний хот төлөвлөлт хийгдэж чадаагүй. Хөшигийн хөндийд бид байр зүйн зураг буюу уул жалгыг судлах, газар хагалбарын мужыг тогтоох, усны нөөцийг багтаах зэрэг олон төлөвлөлт хийж байна. Ингэхдээ 150 мянган хүн багтах хот төлөвлөлтийг хийгээд явж байна. Дархан, Эрдэнэт хотууд 100 мянган хүн амтай хот байгаа.
Өнөөдрийн гарсан гол шийдвэр бол Хөшигийн хөндий рүү төрийн захиргааны зарим байгууллагуудыг үе шаттай гаргах юм. Ингэснээр хөшгийн хөндийд бий болох эдийн засгийн таталцал, төрийн захиргааны таталцлыг тэнд бий болгосноор хүн амын төвлөрлийг бий болгох шийдвэр гарч ирж байгаа юм. Өнөөдөр гарч буй шийдвэрийг үе шаттай хийнэ. Хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөтийг ойрын хугацаанд засгийн газраар батлуулна. Ерөнхий төлөвлөлттэй холбоотой хэд хэдэн хэсэгчилсэн төлөвлөлт гарч ирж байгаа. Мөн дэд бүтцийн зургуудыг хийж дуусаж байгаа. Ингэснээр хөрөнгө оруулалтын тоо хэмжээ гарч ирж байгаа. Цаашид хувийн хэвшлийн үйл ажиллагаа явуулах боломжийг олгож өгнө” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)