АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авлаа. Тодруулбал энэ сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хэлэхдээ “Монголын нийт сонгогчдын 50 хүрэхгүй хувиар нэг нам монополь байдал тогтоож байна. Үүнийг засаж залруулж, ард түмний хүсэл мөрөөдлийг хангасан, парламентад суудалтай ялдаг нам болгохын тулд нэрээ дэвшүүлж байна.
Өнгөрсөн 32 жил АН ялж байгаагүй. Олонхи болж байгаагүй. Олуулаа болж байсан түүхтэй. Тиймээс олонхи болох намын төлөө явна. Ингэхийн тулд дарга ангийн эрхэлж байсан эрх мэдлийг дунд, анхан шатанд аваачсанаар тэр хүмүүсийн санал бодлоор УИХ, парламентад олон суудал авна. Эндээс гараад Чингисийн хөшөөндөө хүндэтгэл үзүүлээд бүх аймгаар тойрч, мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Намын бүх бүтцийн байгууллагыг хамтын удирдлагын системд оруулна. Ингэвэл ялалт бидэнд ойрхон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.