Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төсөл батлагдсанаар Хөшигийн хөндийг дагасан шинэ суурьшлын бүс бий болж Улаанбаатар хотын замын түгжрэл 15 хувиар буурч, нэг мкв-д ноогдох хүн амын нягтаршил 20 хувиар буурах тооцоо гарчээ. Эдийн засгийн байнгын хорооноос төслийн талаарх дүгнэлтийг УИХ гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцууллаа.
Тэрбээр “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар нүүдлийн соёлын үнэт зүйлсийг харуулсан аялал жуулчлал, төлбөр таавар, бусад бооцоот тоглоом, дагалдах үйлчилгээ, соёлын бүтээлч үйлдвэрлэл, худалдаа, олон улсын банк санхүүгийн төв бүхий аялал жуулчлал, бизнесийн эдийн засгийн бүстэй болох, шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаанд суурилсан экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл инновацийн бүс бий болох, Ази Европыг холбосон худалдаа, тээврийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжсэн санхүү эдийн засгийнэ зангилаа, транзит Монгол Улс болох зорилгоор тогтоолын төслийг боловсруулжээ” гэв. Ийнхүү чуулганы хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.
Эдийн засгийн байнгын хорооны саналаар уг тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулж 58,8 хувь буюу 30 гишүүний саналаар дэмжигдлээ. Ингэснээр тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Т.Мөнхжаргал