Хоёр парламентын сонгууль дараалан үнэмлэхүй ялагдал хүлээж, удирдлагын төвшиндөө эрх ашиг, өс хонзонг хайсан он жилүүдийг Ардчилсан нам туулж яваа. Гэхдээ дээгүүрээ хагаран хуваагдсан хэдий ч дунд, анхан шатны намын гишүүд нь эв нэгдэлтэй, ирээдүйн ялалтад итгэн тэмүүлсээр байгаа нь Сүхбаатар, Дорнод аймгийн Ардчилсан намын гишүүдтэй хийсэн уулзалтын үеэр тод харагдаж байлаа.
“Одоо бидэнд өс зангидаж суух биш эвлэлдэн нэгдэж, хамтын удирдлагын зарчмаар бодлогоо зангидаж улс орны хөгжлийн бодлогод идэвхийлэн оролцох нийгмийн шаардлага тулгараад буйг” УИХ-н гишүүн , Ардчилсан намын даргад нэр дэвшигч Ж.Батсуурь уулзалтын үеэр гишүүддээ хандан уриалсан юм. Хэзээнээс Ардчилалд итгэл үзүүлж ирсэн Дорнод, Сүхбаатар аймгийн гишүүд, дэмжигчид түүнд ялалтын түүчээ, Ардчилсан намын эв нэгдлийн тэргүүлэгч нь байх итгэл хүлээлгэнэ гэдгээ ч уулзалтын үеэр илэрхийлж байлаа.
Ж.Батсуурь гишүүнийг өрсөлдөгчтэйгөө тохиролцсон гэх хардлага бий. Харин үүнд тэрээр “Намын даргын сунгаанд намаа эмхэлье, цэгцэнд нь оруулъя гэсэн итгэл үнэмшлээр нэрээ дэвшүүлсэн нь үнэн, 20 жил хамтран зүтгэсэн журмын нөхөд та бүхэн миний чин сэтгэлийг ойлгон хүндэтгэн хүлээн авч дэмжиж байгаад талархая” хэмээн уулзалтын үеэр байр сууриа илэрхийлсэн юм.