Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр “ОХУ болон Украин улсын хооронд үүссэн зэвсэгт мөргөлдөөн, түүнээс орж ирж буй болон болзошгүй сөрөг нөлөөллийн талаар Гадаад хэргийн сайд ахалсан ажлын хэсэг ажиллаж байна. Хэд хэдэн сөрөг нөлөөлөл орж ирж болзошгүй байна. Тухайлбал, ОХУ руу дан импорт хийдэг. Манай экспорт маш бага. Гэвч ОХУ-аас шатахууны хэрэглээний 75 хувийг авдаг. Өнөөдрийг хүртэл манай улсад хийж буй шатахууны нийлүүлэлттэй холбоотой ямар нэг саатал гараагүй. Цаашид үүнийг хадгалж ажиллахыг зорьж ажиллах болно.
Мөн манай улс Засгийн газрын төвшинд хувь эзэмшигч болон олон талт хамтын ажиллагааны хөгжлийн түнш хэлбэрээр хувь нийлүүлэгч болж ажилладаг. Азийн хөрөнгө оруулалт, дэд бүтцийн банк, МБС, МИБ зэрэг банканд хувьтай. Эдгээрээс зарим нэг банк санкцтай нэгдэхээ илэрхийлсэн. Харин хувь нийлүүлэгчийн хувьд Монгол Улсыг зарим байр суурьтай байхыг асуусан. Мөн бид ойрын хугацаанд валютын нөөцөө хамгаалах, экспортын бүтээгдэхүүн, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол банктай хамтарч ажиллана.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дөрөвдүгээр сарын 1-нээс Эрдэнэс Тавантолгой компанийн олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Өнөөдрийнх хүртэл олборлолтоо эхэлж чадахгүй байсан шийдвэрийг та бүхэн мэдэж байгаа. Цагаан хад боомтоос 20 км орчмын газар нийтдээ 12 сая тонн нүүрс овоорсон байсан. Одоогийн байдлаар 5,4 сая тонн нүүрс бий. Нэг үеээ бодвол хоёр дахин багассан. Энэ хэмжээ багассан учраас олборлолтоо эхлүүлье гэсэн шийдвэр гарлаа. Эхлүүлснээр тодорхой хэмжээний орлого орж ирнэ. Цаашид дахин нүүрс овооруулахгүйн тулд экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэлээ.
Д.Батчулуун