“Петрочайна дачин тамсаг” компани 1.3 тэрбумыг төлөхөөр болжээ

Дорнод аймгийн Мэнэнгийн талд газрын тосны үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын "Петрочайна дачин тамсаг" компанид холбогдох иргэний хэргийг “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-ын нэхэмжлэлээр хэлэлцлээ. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шүүхийн магадлалыг шүүх бүрэлдэхүүн хэвээр үлдээсэн байна. Тус компанийг Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хангалтгүй явуулсан болохыг тогтоолгох, байгаль орчинг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэхийг даалгах, байгаль орчинд учирсан хохирол, нөхөн төлбөрт нэг тэрбум 356 сая 622 мянга 460 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Матад сумын төсөвт оруулах тухай нэхэмжлэлийг “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-аас гаргажээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд Баянзүрх дүүргийн шүүх уг хэргийг хэлэлцээд “Петрочайна дачин тамсаг” компанийг Матад сумын дөрөвдүгээр багийн нутагт газрын тосны үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй болохыг тогтоосон юм. Түүнчлэн тус компаниас нөхөн төлбөр нэг тэрбум 356 сая 622 мянга 466 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсөвт оруулахаар шийдвэрлэсэн байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас байгаль орчинг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэхийг “Петрочайна дачин тамсаг” компанид даалгалгүй, хэрэгсэхгүй болгожээ. Уг хэргийг нийслэлийн шүүх долдугаар сарын 2-нд давж заалдах шатны журмаар хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.