УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон гишүүдийн асуултад хариулж, мэдээлэл өглөө. Тэрбээр "Говийн төслүүдийг усны асуудлыг шийдэхгүйгээр хэрэгжүүлэх боломж байхгүй. Иймээс манай яам 2020 оны намар устай холбоотой хэд хэдэн хуралдаан зохион байгуулсан.
Нефтийн үйлдвэр баригдаж байгаа. Нефтийн үйлдвэр 2025 онд баригдаж дуусна. Сүүлийн долоо хоногийн хугацаанд төслийн менежментийн зөвлөхүүд ирсэн. Ажил явж байгаа. 2021 оны долдугаар сард хилийн бүсүүдэд чингэлэг тээврийн терминал барих тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолын гол зорилго нь нүүрсний тээвэрлэлтийг нүүрс тээвэрлэгч компаниуд өөрсдийн хяналтад авах зорилготой.
Чингэлэг тээврийн терминал баригдсанаар тээвэрлэлтийг уурхайгаас хилийн бүс хүртэлх тээвэрлэлтийг хилийн компаниудын тусламжтайгаар уул уурхайн компаниуд өөрсдийн мэдэлд авж буй. Ингэснээр нүүрсний үнэ болон тээврийн үнэд экспортлогч хяналт тавих бүрэн боломжтой. Гашуунсухайтын чингэлэг тээврийн терминал баригдаад дууссан. Тээвэрлэлтийн ажил өнгөрсөн онд эхэлсэн ч одоогийн байдлаар түр хугацаанд зогссон. БНХАУ-ын талтай хэлцлийн асуудал яригдаж байна. Шивээхүрэнгийн терминал 80 хувийн биелэлттэй байсан. Тоног төхөөрөмжүүд нь Сэхээгийн боомтод ирсэн ч хил хаагдсантай холбоотойгоор орж ирээгүй байна. Гэхдээ удахгүй баригдаж дуусна" гэв.
Д.Батчулуун