Нийслэлийн 2012 оны төсөвт дүүргүүдийн сонгогчдын тоо, тойрог, хэсгийн
хорооны тоо, газар нутгийн байршил зэргийг харгалзан 3 тэрбум 955 сая
төгрөгийн төсвөөр дүүргийн ИТХ-ын сонгууль хийхээр батлуулжээ.

Нийслэлийн 2012 оны төсөвт дүүргүүдийн сонгогчдын тоо, тойрог, хэсгийн хорооны тоо, газар нутгийн байршил зэргийг харгалзан 3 тэрбум 955 сая төгрөгийн төсвөөр дүүргийн ИТХ-ын сонгууль хийхээр батлуулжээ. Дүүргүүдийн ИТХ-ын сонгуулийг 9 дүүргийн сонгуулийн хороо, 358 хэсгийн хороотойгоор зохион байгуулахаар төсвийн тооцоог гаргасан байна. УИХ-аас 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиар өмнө нь орон нутгийн төсвөөс санхүүжихээр заагдсан байсан сонгуулийн саналын хуудас хэвлэх, сонгогчийн нэрсийн жагсаалт хэвлэх зэрэг зардлууд улсын төсвөөс санхүүжих болж, хэсгийн хороонд ажиллагчдын тоог 7 байхаар, ажиллах хугацааг 20 хоног байхаар бууруулж баталсан юм. Нийслэлийн дүүргүүдээс сонгуулийн зардалтай холбогдуулж санал авахад 2 тэрбум 162.2 сая төгрөг буюу хүргүүлсэн төсвөөс 36.2 сая төгрөгийн бага зардлаар ИТХ-ын сонгуулийг зохион байгуулах боломжтой гэсэн хариу ирүүлжээ. Ингэснээр Нийслэлийн 2012 оны төсөвт дүүргүүдийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулахад 3 тэрбум 955 сая төгрөг зарцуулахаар төлөвлөгдсөнөөс 2 тэрбум 162.2 сая төгрөг зарцуулж, урьдчилсан байдлаар 1 тэрбум 792.8 сая төгрөг нийслэлийн төсөвт хэмнэгдэх боломжтой болж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох тооцоо судалгаа эцэслэн гарсны дараа зардлын дүн эцсийн байдлаар гарах юм. Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд сонгуулийн насны хүний тоо 814600 байгааг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа гэж
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.