Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “ Засгийн газрын хуралдаанаар Хөшигийн Хөндий дэх “Шинэ Зуунмод” хотын ерөнхий төлөвлөгөө батлагдлаа. 2019 онд ЗГ шинэ онгоцны буудлыг дагаж аэро-сити төлөвлөлтийг баталсан. Түүнээс хойш 2020 онд орон нутгийн зэрэглэлтэй Шинэ Зуунмод Майдар хотыг байгуулах шийдвэр гаргасан. Ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар хийгдэж байгаа инженерийн дэд бүтцийн ажлын зургууд магадлалаар орж, эцэслэгдэж гарна. Хөрөнгө оруулалт байвал инженерийн зургууд бэлэн боллоо гэсэн үг. Ажлын зургуудын нийт дүн ойролцоогоор 500 орчим тэрбум төгрөгийн төсөв урьдчилсан байдлаар гарсан. Энэ жил Монгол улсын засгийн газраас 33 тэрбум төгрөгийг инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад тавьсан. Ажлын зургууд магадлалаар орж батлагдсаны дараа тавдугаар сард багтаж эхний ажлуудыг хийнэ. Мөн авто замын сүлжээ болон тээврийн сүлжээнүүдийн хэсэгчилсэн төлөвлөгөөг дахин хийнэ. Төсөв гарч ирсэнтэй холбоотой дараагийн шатны ажил болох газар чөлөөлөх ажлуудыг эцэслэнэ. Мөн эрхзүйтэй холбоотой буюу засаг захиргаа, нэгжтэй холбоотой олон асуудал гарч ирнэ. Засгийн газраас зарим байгууллагуудыг Хөшөгийн хөндийд гаргана гэсэн улс төрийн шийдвэр гарсан. Энэ төлөвлөлтийг ч мөн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж өгсөн” гэв.
Д.Батчулуун