Төсвийн байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газраас 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Ш.Адьшаа нар санал хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал "Төслийн санхүүжилтийг зөв зарцуулахын тулд хувийн хэвшлийнхний дунд төслийн шалгаруулалтыг явуулж, зээлийг нь төлүүлэх зохицуулалт хийх саналтай байна" гэв.
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа "Эдийн засгаа тэлэх, сэргээх, валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлалын салбарыг дэмжих шаардлагатай. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэх, иргэд орлоготой болох, цаашлаад ариун цэврийн байгууламж барих, дэд бүтэц зэрэг агуулгыг төсөлд тусгасныг дэмжиж байна" гэв.
Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа "Аялал жуулчлалаар дамжуулж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, орон нутгийн иргэдийг тодорхой хэмжээгээр дэмжих асуудалд төрийн бодлого зайлшгүй шаардлагатай тул зээлийн хэлэлцээрийг дэмжих нь зүйтэй" хэмээн саналыг дэмжив.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь эсрэг саналтай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, "Өнгөрсөнд Монгол Улсын авсан зээл багадаагүйг тодотгоод улс орны эдийн засаг амаргүй байгаа энэ үед өр, төлбөрийг 100 тэрбум төгрөгөөр ч болтугай нэмэхгүй байх үүднээс зээлийн төслийг дэмжихгүй" гэв.
Д.Батчулуун