УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хөнгөн галт тэрэг буюу LRT гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын төсөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Засгийн газрын өөрийн өргөн мэдүүлсэн төсөлд байгаа зээлийн баталгаа гаргуулагч нь нэг компани байгаа. Тэр компани нь регистрийн дугаараа аваагүйн дээрээс нь 3 жил ашигтай ажилласан байх ёстой гэсэн өрийн удирдлагын хуультай зөрчилдөж байна. 2.8 тэрбум ам.долларын өртөгтэй LRT төсөл болон Тавантолгойн цахилгаан станц дээр 565 сая ам.долларын баталгаа гаргах асуудлуудыг нийлүүлээд үзэхээр 3.4 орчим тэрбум долларыг нэмэхээр Монгол Улсын өрийн бодлоготой зөрчилдөж байна. Миний хувьд энэ асуудлыг ярьсан. Улмаар төсвийн байнгын хороо дээр энэ асуудал хэлэлцэгдээгүй. Улаанбаатар хотод түгжрэлийн асуудлыг шийдэх өөр хувилбарууд гарч ирээсэй гэж хүсэж байна. Монгол Улсад хийгдэж буй том төслүүд хуулийн дагуу хийгдэх ёстой. Миний хувьд хууль дээдлэх зарчмыг хатуу баримталдаг" гэв.
Д.Батчулуун