Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. ХХААХҮЯ-аас хэрэгжүүлж байгаа бодлогын талаар ХХААХҮ-ын сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “Өмнө нь гол нэрийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, нөөцийг бүрдүүлэх, хүндрэлийг бууруулах хуулийг өргөн барьсан. Энэ хүрээнд манай салбараас гол бүтээгдэхүүн болох мах гурилын үнийг тогтвортой байлгах, нөөцийг бүрдүүлэх чиглэлээр энэ хуулинд тодорхой арга хэмжээнүүд тусгагдсан. Энэ хүрээнд хоёр шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, гурил үйлдвэрлэгч ААН-үүд болон дотоодын мах бэлтгэлийн ААН-үүдэд 230 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гурван хувийн хүүтэй гаргана. Үүний зөрүү болох 10,6 хувийн хүүг Засгийн газар төсвөөсөө дэмжлэг болгож гаргахаар шийдвэрлэлээ. Нийтдээ 25 орчим тэрбум төгрөгийн хүү гарна. Мах болон гурилын үнийн өсөлтийн дарамтыг бууруулах зорилгоор Засгийн газраас гаргаж байгаа хүүгийн татаасны дэмжлэг хэмээн ойлгож болно.
Хоёрдугаарт, төв, суурин газрын иргэдэд зориулан энэ жил 12.7 тонн нөөцийн мах бэлдсэн. Үүнээс 30 хувь нь үхрийн мах, 70 хувь нь хонь, ямааны мах байгаа. Хонины махыг 8300 төгрөгөөр борлуулж байна. Засгийн газраас нөөцийн маханд 350 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэлээ. Мах борлуулагч аж ахуйн нэгжүүд ирэх амралтын өдрүүдэд гулуузаар нь гаргаж худалдах бөгөөд нэг килограмм нь 7750 төгрөг болж хямдарна" гэв.
Д.Батчулуун