Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны өнөөдрийн хурлаар 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг болгохыг шинэчлэн тогтоосон байна.
Өнөөдөр мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байгаа бөгөөд ирэх онд 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдэх юм. Цагаар тооцвол нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 3273 төгрөг 81 мөнгө болно гэсэн үг.
“2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдэнэ”
Мөн 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан шинэчлэн тогтоохоор болсон байна. Тодруулбал, 2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин шинэчлэх талаар 2023 оны 1 дүгээр улиралд шийдвэрлэх аж.
Сонирхуулахад, Хөдөлмөрийн Үндэсний хороонд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч, эздийн нэгдсэн холбооны төлөөллүүд бий. Дээрх гурван талын зөвшилцөл, хэлэлцүүлэг, гишүүдийн саналаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэхээр болж байгаа юм.