Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үг хэллээ.
Тэрбээр "Үнэ тарифын тухайтад мэдээж ялгамжтай байх ёстой. Дэлхийн чиг хандлагаар ус хамгийн үнэтэй, баялаг болж хувирна. Энийг манай говийнхон маш сайн мэдэж байгаа. Хот суурин газрынхан хэр мэдэж байгаа бол доо. Үнэгүй юм үнэгүй байдаг. Хэрэглээн дээрээ гамтай байдаг, үнэтэй гэдгийг нь ойлгодог дадал соёлд суралцах ёстой. Үүнд үнэ тарифын бодлогоор дамжуулан суралцуулах, шахах бодлого явах ёстой байх.
Цаашдын чиг хандлага бол бид усаа зэс хоолойгоор дамжуулдаг болох ёстой юм байна лээ. Өндөр хөгжилтэй орнууд зэс хоолойтой. Одоо крантны усаа хүнсэндээ шууд хэрэглэж байгаа шүү дээ. Ямар ч аюулгүй. Цаашдын чиг хандлагаа том зургаар нь хараад явах ёстой байх аа. Миний мэдэхийн, III, IV хорооллын шугамыг жил бүр сольж байх юм. Зам бариад, ухаж байх юм. Дараа жил нь дахиад сольдог. Яаж байгаа юм бэ гэхээр шугамыг нь сольж байна л гэдэг. Нэг бодохоор, бид бас л баян улс юм. Хөрөнгө мөнгийг цацаж байна. Байгууллагууд уялдаатай байхгүй бол шугамаа солино гэж нэг нь зам ухаад, нөгөө дөх нь замаа тохижуулж байна гэж зам бариад, дахиад нэг нь шугамыг нь солж байна гэж ухаад ингээд байдаг нэг асуудал байна. Энэ бол цэвэр менемжентгүй, удирдлагын уялдаагүй байдалтай холбоотой" гэв.
Д.Батчулуун