УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн "Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар үг хэллээ. Тэрбээр "Төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд цалин хөлс нэмнэ гэж оруулсан. Яг хэдэн хувиар яаж нэмэх вэ гэдгийг 2023 оны төсөвт дэлгэрэнгүй тодорхой болно. Энэ оны цагаан сарын өмнө тэтгэврийг нэмсэн. Төсвийн хүрээнд тэтгэвэр нэмэх тухай яриагүй.
Нийгмийн даатгалын багц хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлэх юм байна гэж ойлгосон. Инфляц найман хувь гэсэн тоог бариад байгаа. Үүнд төсвийн байнгын хороо шүүмжлэлтэй хандаж байгаа. Дэлхийн нийтийн инфляц нэг жил биш, гурван жил явна. Монгол банк инфляцыг найман хувь болгох зорилт тавьж байгаа гэж яриад байгаа юм. Бодит байдалтайгаа бол нийцэхгүй байна.
Гэхдээ бодлого хэрэгжүүлдэг байгууллагын хүмүүс нь найман хувь гээд байгаа. Тэрүүгээр нь яваад, биелүүлж чадах эсэхийг нь харъя гэсэн бодолтой байна” гэв.
Д.Батчулуун