УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн "Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болрчулуун үг хэлж, асуулт асуулаа. Тэрбээр "Манай улсын өр 33 миллиард доллар хүрлээ. 10 миллиард доллар нь засгийн газрын өр. Үлдсэн нь хувийн хэвшлийн өр гэж байна. Бүгд л Монгол улсын өр. Монгол улсын зээлжих зэрэглэлд хамаараад өр болоод явж байгаа.
Өдөрт дунджаар 10 тэрбум төгрөг өрийн хүүнд төлж байна гэнэ. Үнэхээр аймшигтай тоо.
Энд буй улстөрчид, энд сууж байгаа Их Хурлын дэд дарга, олон жил парламентад суусан гишүүд бүгд буруутай. Монгол улсын хувийн хэвшлийн өр дотроос Оюутолгойн өр хамгийн өндөр буюу 60 хувийг эзэлж байна. Энэ жилийг хүртэл зээлээр санхүүжиж үйл ажиллагаагаа явуулж байсан. Энэ жилээс түр хороо УИХ дээр байгуулагдаж байж Монгол Улсыг өрөнд хийх явдлыг зогсоосон. Түр хорооны гишүүдэд баярлалаа гэж хэлмээр байна" гэв.
Д.Батчулуун