Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ олон улс, тив дэлхийн тавцанд өндөр амжилт үзүүлсэн хүүхдүүдэд “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САН”-гаас мөнгөн шагнал олгох БАТЛАМЖ гардууллаа.
АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан “Кришендо” өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаан, Ливан улсын Бэйрут хотод зохион байгуулагдсан Жүдо бөхийн өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Филиппинд болсон Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд амжилттай оролцон, шагналт байранд шалгарсан 30 хүүхэд баярын энэ өдөр шагналаа гардлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улс, тив дэлхийн уралдаан, тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Хүүхдийн төлөө сангаас шагнал хүртсэн хүүхдүүдэд баяр хүргэж, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлээд цаашид амжилтаа улам ахиулахыг ерөөв.