Гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг мөрдөн байцаалтад буцаадаггүй болох зохицуулалт бүхий хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлав.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, "Процесс эрүүл байвал хүнээс үл хамааран ажиллах механизм бүрдэнэ гэж үзэж байгаа. Шүүхээс хоёр янзын шийдвэр гардаг. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бол ялладаг. Харин нотлогдоогүй бол цагаатгадаг. Харамсалтай нь манай улсын хувьд гурав дахь шийдвэрийг гаргаж ирсэн. Энэ нь хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг. Уг шийдвэрийн балгаар хэрэг замхардаг, эрүүдэн шүүдэг, шантаажилж, авлига авдаг механизм бүрдээд байсан.
Тиймээс хуулийн мафитай хуулиар тэмцэх ёстой гэдэг үүднээс энэ хуулийг баталлаа. Ердийн горимоор хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр гэм буруугийн шатнаас хэргүүд мөрдөн байцаалтад буцахгүй болж байна. Харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс буцаж болно.
Энэ үе шатанд хууль зөрчигдсөн байвал хэргийг мөрдөн байцаалтад буцаана. Бүх нотлох баримт хуулийн дагуу бүрдсэн, хууль ёсны эрх нь зөрчигдөөгүй, нотлох баримт хангалттай цугласан гэж үзсэн хэргүүд л гэм буруугийн шатны хуралдаан хийгдэнэ. Нотлох, нотолж чадахгүй бол цагаатга гэсэн зарчим Монгол Улсын эрх зүйн системд бүрдлээ.
Шүүхээс буцаагдаад хамгийн олон жил шалгагдаж байгаа хэрэг 10 гаруй жил болж байна. Дутуу шалгасан хэргийг цаашид шилжүүлэхгүй болно" гэв.
А.Сүх
Сэтгэгдэл (2)