УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа төрийн үйлчилгээний газрын өрийн бүтцийг АН задална хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр "Монгол Улс зах зээлийн системд шилжээд 30 гаруй жил болж байна. Гэтэл эдийн засгийн бүтцийг харахад хувийн хэвшлийн эзэлж байгаа хувь маш бага буюу зах зээлийн оролцоо маш бага байна. Учир нь төр бүх бизнесийг булаасан. Улсын төсвийн орлого бүрдүүлэхэд 90 орчим хувь нь уул уурхайгаас буюу үүний дийлэнх хувийг Эрдэнэс-Тавантолгой ХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ бүрдүүлдэг. Ингээд бусад ААН-үүд Монгол Улсын эдийн засагт төдийлөн идэвхтэй оролцоогүй байгаа нь хувийн хэвшлийн оролцоо устахад хүрээд байна. Нийт төрийн өмчит компаниудын өр 40 их наяд төгрөг.
Зөвхөн 2019 онд гэхэд төрийн өмчит компаниудын төсөвт төлж байгаа орлого 9.7 их наяд, харин зарлага нь 7.6 их наяд байсан бол 4.2 их наядын өртэй болсон. Монгол Улсын хөрөнгө хаашаа урсаж байгааг энэ гурван тоо харуулна. Энэ асуудалд хувийн хэвшлийг чиглүүлэхгүйгээр эдийн засаг амжилттай хөгжинө гэж байхгүй. Тиймээс энэ 40 их наяд төгрөгийн өрийн бүтцийг задлах ажлыг Ардчилсан нам хийнэ" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)