УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар донорын тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дараах саналыг дэвшүүллээ.
Тэрбээр “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа донорын тухай хуульд нас заасан асуудал гардаг. Нэгдүгээрт, өөрийн хүслээр донор болох гэж байгаа эрх зүйн бүрэн чадамжтай хүнд үндсэн хуулиараа шийдвэр гаргах эрх бий. Гэтэл “Донорын тухай хууль”-д заасан насны хязгаар нь үндсэн хуулиар олгосон шийдвэр гаргах эрхийг хязгаарладаг.
Хоёрт, эмч, эмнэлгийн ажилчдын зүгээс “Илүү цагийн мөнгөнөөс илүү хүний амь аварч байгаа нарийн мэргэшсэн хөдөлмөрт нь урамшуулал олгож байгаа тогтолцоо алга” гэсэн санал хэлж байсан. Энэ тал дээр авсан арга хэмжээ бий юу?
Гуравдугаарт, амьгүй донороос авч байгаа эд, эрхтэний тоо цөөхөн байна. Өндөр хөгжилтэй орнуудын адил хэмжээнд үүнийг шийдвэрлэж байж илүү олон хүний амь аврах боломжтой. Үүнийг хуульд тусгах боломжтой юу?” гэв.
М.Балжинням